www.bgemn.ubhealth.mn

мэдээлэл бэлдсэн Э.Цэцгээ
БГдэмт Эхоны эмч

Элэгний хорт хавдар гэж юу вэ?

Элэгний эсийн хавдрыг Гепатоцеллюлар карцинома гэж нэрлэдэг. Элэгний анхдагч хавдар бөгөөд энэ нь элгэн дээр анх үүсдэг гэсэн утгатай юм / өөр эрхтнээс үсэрхийлээгүй/.

Ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ?

Ихэнх тохиолдолд элэгний хавдар шинж тэмдэггүй буюу өвдөлт зовуур төдийлөн өгдөггүй тул хавдар хожуу үедээ оношлогдох нь олонтаа. Эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүс  эрт илрүүлэлт үзлэгт тогтмол хамрагдсанаар элэгний хорт хавдар эрт үедээ оношлогдох боломжтой. Зарим үед дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

· Хэвлийн хөндийд таагүй мэдрэмж бүхий зовуур илрэх

· Хоолны дур буурах

· Хэвлийн хэлбэр өөрчлөгдөх,томрох

· Турах

· Арьс салстын шарлалт үүсэх

· Ядарч сульдах

· Хэвлийн хөндийд сул шингэн хуримтлагдах, шилбээр хаван үүсэх

Эдгээр шинж тэмдэг илрэх нь хавдар хожуу үедээ орсон байх магадлалыг ихэсгэдэг.

Ямар үед зайлшгүй эмчид хандах ёстой вэ?

· Баруун сүврэгдэс, хавирагны нум орчмоор өвдөх

· Хэвлий цардайж томрох

· Нүд болон арьс шарлах

· Танд зовуур үүсгэж буй бусад шалтгаанууд

Ямар эрсдэлт хүчин зүйлүүд уг хавдрыг үүсгэхэд нөлөөлдөг вэ?

· Элэгний /Б, Ц, Д гэх мэт/ вирусийн шалтгаантай элэгний архаг үрэвсэл

· Элэгний хатуурал буюу цирроз

· Архины хэрэглээ

· Хэт таргалалт

Элэгний хорт хавдартай холбоотой ямар хүндрэлүүд илэрдэг вэ?

· Өвдөлт – Хавдар ургаж томорсноор элгийг бүрхэж буй мэдрэлийн судлуудыг цочроон өвдөлт үүсгэдэг.

· Шарлалт – хавдар цөсний замыг гаднаас нь шахсаны улмаас арьс, нүдний салст шарлах, шээс хар бараан өнгөтэй болох өтгөн цайрах шинж илэрдэг.

· Хэвлийд сул шингэн хуримтлагдах – элэгний хатуурлын улмаас хэвлийн хөндийд шингэн хурдаг.

· Турах – Хавдраас шууд шалтгаалсантай болон хоолны дуршил буурах, хоол идэж чадахгүй болсонтой холбогдон турдаг.

Элэгний хавдрыг ямар үе шатууд болгон хуваадаг вэ?

· 1-р үе шат: Элэгний нэг хэлтэнцрийн хүрээнд байрласан жижиг хавдар

· 2-р үе шат: Олон тооны жижиг хавдар эсвэл орчны жижиг судасруу нэвчсэн нэг хавдар

· 3-р үе шат: Нэг ба олон тооны, ойролцоох эрхтэн болон судасны том салааруу нэвчсэн хавдар

· 4-р үе шат: Алсын эрхтэнрүү үсэрхийлсэн / уушги, яс, хэвлийн тунгалгийн булчирхай, бусад эрхтэн /

Элэгний хавдрыг хэрхэн оношлох вэ?

Эмчлүүлэгчийн биеийн байдлыг эмч асуумж, эмнэл зүйн үзлэгээр тодорхойлох ба дараах шинжилгээнүүдийг хийх шаардлагатай болдог. Үүнд:

· Цусны шинжилгээ: Цусны ерөнхий үзүүлэлтүүдээс гадна, цус бүлэгнэлт, элэгний үйл ажиллагаа, элэгний вирусийн маркерууд, хавдрын маркер болох альфа-фето-протейн /AFP/

· Улаан хоолой-ходоод дурандах: Улаан хоолойд бүдүүрсэн судас байгаа эсэхийг нягтална.

· Хэвлийн хэт авиан шинжилгээ/ЭХО/: Элгэнд хавдар байгаа эсэхийг илрүүлнэ. Тодосгогч бодистой хийх нь хавдрыг үнэлэх илүү боломж олгодог.

· Тодосгогч бодистой Компьютер Томограф шинжилгээ/КТ/:  Хавдар хортой эсэхийг нарийн магадална. Хавдрын байрлал, хэмжээ,  судасжилт зэргийг тодорхойлох боломжтой. Мөн элэгний эрүүл хэсгийн эзлэх хувийг тодорхойлох боломжийг олгоно.

· Элэг-цөсний өвөрмөц тодосгогчтой MRI: КТ –аар дүгнэлт хийхэд төвөгтэй хавдрыг нарийн шинжлэхийн хамт эрт үедээ байгаа хавдрыг оношлох боломж олгодог. Хавдрын байрлал, хэмжээ,  судасжилт, цөсний сувгийн тогтоц зэргийг тодорхойлох боломжтой. Мөн элэгний хатуурал, өөхжилтийн хувийг тодорхойлно.

· Элэгний биопси/эдийн шинжилгээ: Тодосгогч бодистой дүрс оношилгооны аргуудаар шинжлэх явцад хорт хавдар эсэх нь сайн тодорхойлогдохгүй голомтот өөрчлөлтийн үед элэгний өөрчлөлт бүхий хэсгээс жижиг эд авч эмгэг судлалын  шинжилгээнд явуулж оношийг эсийн төвшинд тогтооно.

Элэгний хорт хавдар ямар тавилантай вэ?

· Элэгний хорт хавдар нь эрт үе шатандаа буюу 1 болон 2-р үедээ оношлогдвол өвчний тавилан харьцангуй сайн төдийгүй ихэнх тохиолдолд мэс заслаар эмчлэгддэг.

Элэгний хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Элэгний хавдрын эмчилгээ хийхэд олон төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын оролцоо шаардагдана. Элэгний үйл ажиллагааны байдал, хавдрын өвчлөлийн үе шат, хавдрын хэмжээ, бусад эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэг өөрчлөлт байгаа эсэхээс хамаарч тухайн тохиолдолд хамгийн сайн тохирох  эмчилгээний ямар арга сонгохыг эмч нарын зөвлөгөөнөөр шийдвэрлэдэг. Үүнд:

· Мэс засал /Нээлттэй эсвэл дурангийн мэс засал/: Хавдартай элэгний хэсгийг мэс заслаар авдаг хамгийн сайн эмчилгээний арга. Эрүүл элэгний 70 хувиас илүү хэсгийг тайрах боломжтой гэж үздэг. Харин хатууралтай элэгний хувьд энэ үзүүлэлтийн хэмжээ багасдаг талтай. Хүний элэг нөхөн төлжих өндөр чадвартай эрхтэнд тооцогддог ч элэгний хатуурал өөхжилт энэ чадварыг бууруулдаг.

· Трансартериал хими-эмболизаци /ТАСЕ эсвэл судас бөглөх эмчилгээ гэж нэрлэгддэг/: Радиологич эмч хийнэ. Мэс заслаар эмчлэгдэх заалтгүй хавдрын тэжээгч артерийн судсыг бөглөж цаашдын өсөлт, тархалтыг хянадаг. Олон удаа давтан хийх нь элбэг.

· Өндөр давтамжид радио абляци /RFA/: Радиологич эмч хийнэ. Их эрт үедээ оношлогдож байгаа 3 см-аас томгүй хавдрын голомтыг 100 хүртэл хэмийн халуунаар түлж үхжүүлж эмчилдэг.

· Хавдрын голомтод спирт тарих /PEIT/: Радиологич эмч хийнэ. 96% -ийн спиртийг хавдрын голомтод тарьснаар жижиг хэмжээтэй хавдар үхжин.

· Элэг шилжүүлэн суулгах /Онцгой нөхцөлүүдийг хангасан байхыг шаарддаг тул өвчтөн бүрд хийгдэх боломжгүй/

· NEXAVAR эм уух: Өөр эрхтэнд үсэрхийлсэн эсвэл дээр дурдсан эмчилгээний аргуудаар эмчлэгдэх боломжгүй өвчлөлийн үед хэрэглэх заалттай.

· Хөнгөвчлөх эмчилгээ

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?

· Элэгний вирусийн халдвар авахаас сэргийлэхийн тулд найдвартай, чанартай тусламж үзүүлдэг эмнэлгийг сонгох

· Элэгний В вирусийн вакцинжуулалтад хамрагдах

· Хэрэв элэгний вирусийн халдвар авсан бол вирус устгах эмчилгээнд хамрагдах

· Таргалалт болон архины зохисгүй хэрэглээнээс зайлсхийх

· Гоо сайхны үйлчилгээ хийлгэхдээ хэрэглэгдэж байгаа багаж хэрэгслийн найдвартай, ариутгагдсан эсэхийг шалгах

· 1 удаагийн тариур, хэрэгсэл хэрэглэх

· Эрт илрүүлэлтийн үзлэг, оношилгоонд жил тутам хамрагдах

Оношилгоо, шинжилгээнд хэрхэн хамрагдаж байх вэ?

Элэгний хавдар эрт үедээ оношлогдсоноор эмчилгээний үр дүн сайн байдаг. Тиймээс элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл бүхий дараах хүмүүсийг хорт хавдрын эрт илрүүлэлтэд хамрагдах шаардлагатай гэж үздэг. Үүнд:

· 40 дээш насны бүх эрэгтэйчүүд

· 50 дээш насны бүх эмэгтэйчүүд

· Элэгний вирусийн маркер (HBsAg, Anti-HCV)-ууд эерэг В,С вируст гепатитын халдвар тээгчид

· Элэгний архаг үрэвсэлтэй,элэгний хатууралтай бүх насны хүмүүс;

· Элэгний анхдагч  хорт хавдраар  өвчлөгчдийн нэгдүгээр үеийн төрөл садан ба гэр бүлийн 40-өөс дээш насны хүмүүс

Хэрэв Та дээрх бүлэгт багтаж байгаа бол 3-6 сар тутамд тогтмол элэгний хэт авиан шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Элэгний хавдраар өвчилж мэс засал, судас бөглөх, өндөр давтамжид радио абляци эмчилгээ хийлгэсэн  бол эмчилгээний хяналт үзлэгт 3 сар тутам хамрагдаж дараах үзлэг шинжилгээг хийлгэнэ:

· Дүрс оношилгооны шинжилгээ хийлгэх (ЭХО, КТ эсвэл MRI)

· Элэгний хавдрын маркер альфа-фето-протейн /AFP/ цусанд тодорхойлох

· Мэс засалч, гепатологич эмчийн хяналт үзлэгт тогтмол ирэх

 

 

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 10
Web Links : 6

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө