www.bgemn.ubhealth.mn

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

E-mail Print PDF

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар Баянгол Дүүргийн Эрүүл Мэндийн Төв /цаашид “эмнэлэг” гэх/-д ажилд орох ажилтан бүрийг сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү журам нь Монгол улсын “Үндсэн хууль”, “Эрүүл мэндийн тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үндэслэл болгоно.

1.3. Энэхүү журмын зорилго нь тус эмнэлгийн хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагааг чанаржуулахад оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтын зохион байгуулалт

2.1. Эмнэлгийн Хүний нөөцийн алба, сургалтын албанаас хамтран ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсгийг захиргаанаас тухай бүр томилуулан ажиллуулна.

2.2. Ажлын хэсгийн ахлагчаар Хүний нөөцийн албаны даргыг томилно.

2.3. Эмнэлгийн үндсэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, урт хугацааны цалингүй чөлөө авах, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд гарсан сул орон тоо, мөн шинээр бий болсон орон тоонд авч ажиллуулах иргэнд тавигдах ерөнхий шаардлагыг Эрүүл мэндийн төвийн даргаар батлуулсан тухай албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тогтооно.

2.4. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг нийтлэг болон тусгай шалгуураар үнэлэн сонгоно. Нийтлэг шалгуурт тухайн шалгаруулалтад оролцогчийн ерөнхий соёл, зан харилцааны чадварыг үнэлж, тусгай шалгуурт мэргэжлийн ур чадвар, туршлага, гадаад хэлний мэдлэг зэргийг үнэлэн шалгаруулна.

2.5. Тухайн ажлын байранд тавигдах шалгуурыг Эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, ажлын байрны зар, тавигдах шалгуур, сонгон шалгаруулах журам, шалгаруулалтын явц, үр дүнг Эрүүл мэндийн төвийн цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд нээлттэй хүргэнэ.

2.6. Мэргэжлийн шалгалтын асуултыг мэргэжлийн багаар урьдчилан хийлгэж, хүний нөөцийн албанд хадгална.

2.7. Ярилцлагын шалгалтанд тухайн мэргэжлийн удирдах албан тушаалтныг заавал оролцуулж, мэргэжлийн шалгалтын дүнг танилцуулна.

Гурав. Сонгон шалгаруулалтанд оролцогчийн бүрдүүлэх материал

3.1. Сонгон шалгаруулалтанд оролцогч дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

3.1.1. Ажилд орохыг хүссэн өргөдөл

3.1.2. Өргөдөл гаргагчийн анкет /төрийн албан хаагчийн анкет маягт №1/

3.1.3. Боловсролын гэрчилгээ, диплом, үнэмлэхний хуулбар

3.1.4. Мэргэжлийн үнэмлэх, лиценз, сертификат, гэрчилгээний хуулбар

3.1.5. Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Дөрөв. Сонгон шалгаруулалтанд оролцогчийн материалыг

хүлээн авах

1.1. Ажлын хэсэг шалгаруулалтанд оролцогчоос материалыг хүлээн авч, огноо, цаг, минутыг тэмдэглэн оролцогчоор гарын үсэг зуруулна.

1.2. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах бүртгэлийн хугацаа дуусахад ажлын хэсэг ирсэн материалуудтай нэг бүрчлэн танилцаж, шаардлага хангасан материалуудыг бүртгэн хүн тус бүр дээр хувийн хэрэг хөтөлнө.

Тав. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа

5.1. Сонгон шалгаруулалтыг дараахь 3 үе шаттай явуулна. Үүнд:

5.1.1. 1 дүгээр шат: Сонгон шалгаруулалтанд орохоор иргэдээс ирүүлсэн материалтай танилцаж, тэдгээрийг бичиг баримтанд тавигдах шаардлагын дагуу ангилах

5.1.2. 2 дугаар шат: Асуудал шийдвэрлэх чадварын тестын шалгалт авах /тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг багтаасан ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох тест, ур чадварын шалгалт авах/

5.1.3. 3 дугаар шат: Ярилцлага хийх /тестын шалгалтанд тэнцсэн ажил горилогчтой ярилцлага хийнэ/.

5.2. Ажлын хэсэг саналаа боловсруулан Эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулна.

5.3. Эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн Эрүүл мэндийн төвийн дарга ажилд томилох тушаал гаргана.

Зургаа. Сонгон шалгаруулалтын дүнг мэдээлэх

6.1. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтанд оролцогчдын тэнцсэн, тэнцээгүй тухай мэдээллийг холбогдох утсаар болон цахим хаягаар сонгон шалгаруулалтын шат бүрийн дараа хүргэнэ.

6.2. Ажлын хэсгийн саналыг Хүний нөөцийн албаны дарга Эрүүл мэндийн төвийн даргад 3 хоногийн дотор танилцуулна.

6.3. Ажлын хэсэг Эрүүл мэндийн төвийн даргын гаргасан ажилд томилох тухай тушаалыг холбогдох иргэнд танилцуулж, чиглүүлэх сургалт зохион байгуулна. /Тухайлбал: хүний нөөцийн ажилтан харъяалах тасаг, нэгжийн дарга, эрхлэгч, хамт олонд танилцуулсны дараа тасаг, нэгжийн дарга, эрхлэгч тасгийн үйл ажиллагаа, хамт олныг танилцуулж, батлагдсан хөтөлбөрийн дагуу чиглүүлэх сургалтыг явуулна.

Долоо. Бусад зүйл.

7.1. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг баримтжуулан Эрүүл мэндийн төвийн архивт шилжүүлнэ.

7.2. Сонгон шалгаруулалтын үед гарсан аливаа санал, гомдол, маргаантай асуудлыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, санал, гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

7.3. Санал, гомдол гаргагч ажлын хэсгийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрүүл мэндийн төвийн даргад хандаж болно.

7.4. Ажлын хэсэг, ажлын хэсгийн гишүүд, оролцогчид нь сонгон шалгаруулалт явагдсанаас хойш 3 хоногийн дотор дараахь үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Эрүүл мэндийн төвийн даргад гаргах эрхтэй. Үүнд:

7.4.1. Шалгалтын тест задарсан бол

7.4.2. Сонгон шалгаруулалтанд оролцогчийн материалыг будьлуулсан, устгасан бол

7.4.3. Ажлын хэсгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн бол

7.5. Эрүүл мэндийн төвийн дарга дээрх гомдлыг шалгаад үндэслэлтэй гэж үзвэл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож дахин сонгон шалгаруулалт явуулна. Хэрэв гомдол үндэслэлгүй бол энэ тухай гомдол гаргагчид 3 хоногийн дотор бичгээр хариу өгнө.

 

Зочдын тоо

Гишүүд : 14
Нийт мэдээ : 159335
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2134408

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө